
"Монгол Улсын Баатар" Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгч хамт олон 2024 онд хиймэл оюун ухаанд суурилсан Худалдан авалтын цахим систем нэвтрүүлсэн, Бүрэн автомат “Эмульсийн үйлдвэр” ашиглалтад оруулсан, Баяжуулах үйлдвэрийнхээ хүдэр боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлж 40 сая тоннд хүргэсэн, 38.0 сая тонн хүдэр боловсруулж, 564 мянган тонн зэсийн баяжмал, 5,300 тонн молибдены баяжмал үйлдвэрлэн 3.9 их наяд төгрөгийн орлого олж, 1.7 их наяд төгрөг төсөвт төвлөрүүлэн, Үндэсний баялгийн сангийн хуулийн хэрэгжилтийг манлайлан ажилласан зэрэг амжилтаараа "Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд тэргүүн байр эзэлж, "Очир эрдэнийн" цом, өргөмжлөл, 100 сая төгрөгөөр шагнууллаа.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон шагналын 100 сая төгрөгийг сар шинийн баярын өмнө Луу жилийн Хөдөлмөрийн аваргуудыг тодруулах ёслолын баяр дээр баяр нэмж, нийт уурхайчдынхаа бүртгэлийн дугаараар сугалаа явуулж, 11 ажилтныг азтанаар тодруулан, гадаадад аялах эрхийн бичиг болгон гардуулахаа Шилдгүүдийн шинэ жилийн баярын үеэр мэдэгдсэн юм.
“Эрдэнэс Монгол” нэгдэл “Очир эрдэнийн” цом гардуулахдаа "Эрдэнэт" Үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтцийг барьж байгуулах, Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр, Исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах технологиор боловсруулах катодын зэсийн үйлдвэр, Молибдены баяжмал боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулж, элементийн хүхрийн үйлдвэрлэлийн туршилтыг амжилттай хэрэгжүүлснийг мөн онцлон дурдав.
Өнгөрсөн жил Эрдэнэт үйлдвэр 2023 оны “Байгаль орчин-Нийгэм-Засаглалын шилдэг”-ээр шалгарч, 100 сая төгрөгийн шагнал хүртэснийгээ хүүхдийн асрамжийн “Энэрэл” төвд “Нарны охид” төсөл хэрэгжүүлэн охидын өрөө тохижуулахад зориулсан бөгөөд мөн Залуучуудын холбоо, Эмэгтэйчүүдийн холбоо, Ахмадын нэгдсэн зөвлөл зэрэг олон нийтийн байгууллагуудынхаа үйл ажиллагааг дэмжихэд хуваарилсан юм.

Эрдэнэт-Овоо:
USD | 3557
EUR | 4139
CNY | 512.8
RUB | 41.43
JPY | 22.8
KRW | 2.37
