Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хорооны өнөөдрийн (2026.04.27) хуралдаан 14 цаг 20 минутад эхэллээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу Дэд хорооны дарга Ч.Анар гишүүдийн ирцийг нэр дурдан танилцуулсан юм. Улсын Их Хурлын найман гишүүний бүрэлдэхүүнтэй Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хорооны өнөөдрийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар, Ц.Баатархүү, П.Ганзориг, Б.Жаргалан, Л.Соронзонболд нар хүрэлцэн ирснээр ирц 62.5 хувь болсноор хуралдаан эхэлсэн юм.
Хуралдаанаар “Ажлын хэсэг байгуулах тухай” дэд хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Төслийн талаар Дэд хорооны дарга Ч.Анар танилцуулав.
Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны 2025 оны тавдугаар сарын 08-ны өдрийн 6 тоот тогтоолоор Монгол Улсад олон талт хэрэгцээ шаардлагад нийцсэн, үр өгөөжтэй ашиглах боломжтой хиймэл дагуулын талаар судлан, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан байна. Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар тухайн ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал, Э.Батшугар, Б.Пунсалмаа, Ж.Баярмаа, Д.Пүрэвдаваа нар ажилласан бөгөөд тодорхой хугацаанд ажиллан санал, дүгнэлт гаргахад бэлэн болоод байсныг тэрбээр мэдээлсэн юм.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулан Инновац, цахим бодлогын байнгын хороо татан буугдаж, чиг үүрэг нь Эдийн засгийн байнгын хороонд шилжсэн болохыг тэрбээр дурдаад “Энэ өөрчлөлттэй холбогдуулан дээрх ажлын хэсгийг Дэд хорооны түвшинд шинэчлэн байгуулах шаардлага үүссэн. Ажлын хэсгийн үйл ажиллагааг дуусгаж, санал, дүгнэлтээ танилцуулах нь зүйтэй хэмээн үзсэн” гэв.
Үндэсний хиймэл дагуулын төслийн санхүүжилтийг 2025 оны улсын төсвийн төслөөс хассан талаар дурдаад “Инновац, цахим бодлогын байнгын хорооны 2025 оны 6 тоот тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг тухайн хугацаанд 5-6 уулзалт хийсэн. Манай тал холбогдох хүсэлтээ баталгаажуулсан. 2025 оны гуравдугаар сарын 27-нд ажлын хэсэг Парис хотноо “SpaceX”-ийн төлөөлөлтэй уулзаж, техникийн болон эдийн засгийн хэлэлцээр, шаардлагуудын талаар зөвлөлдсөн. Нэн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 15 хувь байсныг нь 100 хувь болгох, өртөг бууруулах, тандан судалгааны хиймэл дагуулын талаарх шаардлагуудыг тавьсан. Цаад тал ажлын хэсгээс тавьсан шаардлагуудыг хүлээн авч, Монгол Улсын Сангийн яам, Гадаад хэргийн яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд 2025 оны аравдугаар сард албан ёсоор хариу ирүүлсэн” гэв. Үүний зэрэгцээ ажлын хэсэг үндэсний хиймэл дагуул хөөргөх дотоодын компаниудтай уулзалт хийсэн талаар, мөн ОХУ, АНУ, Сингапурын компаниудтай уулзалт хийсэн талаар товч мэдээлэл танилцууллаа.
Энэхүү ажлын хэсгийн үйл ажиллагааг дуусгах зорилгоор энэхүү тогтоолын төслийг хэлэлцэж буйг Дэд хорооны дарга Ч.Анар тайлбарлаад “Ажлын хэсэг байгуулах тухай” дэд хорооны тогтоолын төслийг уншиж танилцуулсан юм. Үндэсний хиймэл дагуул хөөргөх төслийн хүрээнд Монгол Улсад үр өгөөжтэй ашиглах боломжтой олон талт хэрэгцээ шаардлагад нийцсэн хиймэл дагуулын талаар судлан, санал, дүгнэлт боловсруулж, Дэд хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Анараар ахлуулан байгуулахаар төсөлд тусгажээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал, Д.Пүрэвдаваа, Ж.Баярмаа, Л.Соронзонболд нар ажиллах юм байна. Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд танилцуулах бөгөөд улмаар холбогдох шийдвэрийн төслийг боловсруулан Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн, батлуулах төлөвлөгөөтэй байгаагаа тэрбээр дурдав.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан Дэд хорооны гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын таван гишүүний 80 хувь нь дэмжиж, “Ажлын хэсэг байгуулах тухай” дэд хорооны тогтоолын төслийг батлав. Үүгээр Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Эрдэнэт-Овоо:
USD | 3567
EUR | 4118
CNY | 519.7
RUB | 42.7
JPY | 22.05
KRW | 2.33
