Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Авлигын эсрэг конвенцын Оролцогч улсуудын 11 дүгээр Бага хурлаар баталсан "Улс төрийн нам, сонгуульт албан тушаалд нэр дэвшигч болон сонгуулийн санхүүжилтийн ил тод байдлыг бэхжүүлэх замаар авлигаас урьдчилан сэргийлэх, авлигатай тэмцэх тухай" 11/7 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, санаачилгыг үргэлжлүүлэх зорилгоор Монгол Улсад зохион байгуулж байгаа "Улс төрийн санхүүжилтийн ил тод байдал-хяналт" олон улсын дугуй ширээний уулзалт өнөөдөр (2026.09.23) эхэллээ.

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Мягмар уг уулзалтыг нээж үг хэллээ.

Тэрбээр "Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,
Олон улсын байгууллага, хамтран ажиллагч байгууллагуудын эрхэм төлөөлөгчид өө,
Хатагтай, ноёд оо,

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны нэрийн өмнөөс Та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, "Улс төрийн санхүүжилтийн ил тод байдал ба хяналт" олон улсын дугуй ширээний уулзалтад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлье.
         
Өнөөдөр бид ардчилсан засаглалын өмнө тулгамдаж буй нэгэн чухал асуудал болох улс төрийн санхүүжилтийн ил тод байдал, хариуцлага, үр нөлөөтэй хяналтын тогтолцооны талаар туршлага, сургамжаа хуваалцахаар Улаанбаатар хотноо хуран цуглаад байна.

Улс төрийн санхүүжилт бол зөвхөн нам, нэр дэвшигчдийн орлого, зарлагын тайлангийн асуудал биш юм. Харин улс төрийн үйл ажиллагаа ямар эх үүсвэрээс санхүүжив, тэрхүү хөрөнгийг хэрхэн зарцуулж байна вэ гэдгийг олон нийтэд ил тод, хүртээмжтэй болгохын нэр бөгөөд тэр хэрээр сонгуулийн шударга байдал, төрийн бодлого, шийдвэр гаргалтын хараат бус байдал бэхжиж, улмаар иргэдийн ардчилсан институцид итгэх итгэл эрс сайжрах үр дагавартай.

Иймээс улс төр дэх мөнгөний урсгал ил тод, хяналттай, хариуцлагатай байх нь сонгуулийн шударга байдлыг хамгаалах төдийгүй авлигаас урьдчилан сэргийлэх, ардчилсан институцийн хариуцлага, олон нийтийн итгэлийг бэхжүүлэх үндсэн нөхцөлийн нэг гэж бид үзэж байна.

Монгол Улс энэ чиглэлд сүүлийн жилүүдэд эрх зүйн болон институтийн томоохон шинэчлэл хийж байна. 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр улс төрийн намын зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчмыг тодорхойлж, намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө, орлогын эх үүсвэр болон зарцуулалт нь нийтэд ил тод байх үндсэн шаардлагыг баталгаажуулсан. Үүний дараа 2023 онд Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн баталж, намын санхүүжилт, төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг, тайлагнал, ил тод байдал, хяналтын тогтолцоонд зарчмын шинэ зохицуулалт бий болсон.

Гэвч эрх зүйн орчныг шинэчлэх нь бидний ажлын зөвхөн эхлэл юм. Хуулиар ил тод байдлыг шаардах нэг хэрэг. Харин тэр ил тод байдлыг бодит хариуцлага болгон хэрэгжүүлэх нь дараагийн бөгөөд илүү чухал алхам юм. Тайлагнасан мэдээлэл үнэн зөв, бүрэн байх ёстой. Тэрхүү мэдээлэл нь иргэд, хэвлэл мэдээлэл, судлаачид, иргэний нийгэмд хүртээмжтэй, ашиглаж болохуйц байх шаардлагатай.

Хяналтын байгууллагууд мэдээллийг зөвхөн хүлээн аваад зогсохгүй дүн шинжилгээ хийх, харьцуулах, эрсдэлийг илрүүлэх, зөрчлийг шалгах чадавхтай байх ёстой. Энэ утгаараа ил тод байдлаас хариуцлага руу шилжих нь бидний дараагийн шинэчлэлийн гол зорилт юм.

Энэ асуудал зөвхөн Монгол Улсын өмнө тулгарч байгаа сорилт биш юм. Цахим орчин дахь сонгуулийн сурталчилгаа, хууль бус болон далд санхүүжилт, төрийн нөөцийг сонгуулийн зорилгоор зүй бусаар ашиглах, эцсийн өмчлөгчийн мэдээллийн ил тод бус байдал, гадаадын санхүүжилт, түүний нөлөөлөл зэрэг шинэ эрсдэлүүд улс орнуудын хяналтын уламжлалт тогтолцоонд шинэ сорилт бий болгож байна. Энэхүү хоёр өдрийн уулзалтын хэлэлцүүлэг ч институтийн зохицуулалт, цахим хяналт зэрэг асуудлаар өрнөнө.

Ийм нөхцөлд улс орнууд дангаараа шийдэл эрэлхийлэхээс илүүтэй харилцан туршлага солилцох, сайн туршлагаас суралцах, хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал болж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо нь улс төрийн санхүүжилтийн ил тод байдлыг олон улсын түвшинд урагшлуулах үйл хэрэгт өөрийн хувь нэмрээ оруулахыг зорьж байна.

2025 онд Доха хотноо болсон НҮБ-ын Авлигын эсрэг конвенцын Оролцогч улсуудын 11 дүгээр бага хурлаар улс төрийн нам, нэр дэвшигч, сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх замаар авлигаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд чиглэсэн 11/7 дугаар тогтоол батлагдсан. Монгол Улс энэхүү санаачилгыг олон улсын түвшинд урагшлуулахад манлайлан оролцсон бөгөөд өнөөдрийн уулзалт нь уг тогтоолын зарчмуудыг бодит хэрэгжилт болгох дараагийн алхмын нэг юм.

Тиймээс энэ удаагийн дугуй ширээний уулзалт нь туршлага солилцох арга хэмжээ төдийгүй улс төрийн санхүүжилтийн хяналтыг хэрхэн илүү хараат бус, мэргэшсэн, эрсдэлд суурилсан, өгөгдөлд тулгуурласан болгох, сонгуулийн байгууллага, авлигатай тэмцэх байгууллага, аудит, хууль сахиулах болон бусад байгууллагын хамтын ажиллагааг хэрхэн сайжруулах, ил тод мэдээллийг бодит хариуцлага болгон хувиргах талаар практик шийдэл эрэлхийлэх талбар болно гэж үзэж байна.

Мөн энд өрнөх хэлэлцүүлэг, уулзалтаас бий болох туршлага, санал, зөвлөмж нь Дохагийн 11/7 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх цаашдын олон улсын хамтын ажиллагаа, техникийн туслалцаа, харилцан суралцах практикийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Энэхүү олон улсын дугуй ширээний уулзалтыг зохион байгуулахад хамтран ажиллаж, үнэтэй хувь нэмэр оруулж буй Нээлттэй нийгэм форум, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба, Transparency International, International IDEA, Нээлттэй Засгийн Түншлэл, болон бусад хамтран ажиллагч байгууллага, түншүүддээ Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Түүнчлэн Монгол Улсыг зорин ирж, өөрсдийн улс орны туршлага, сургамж, шинэ санааг хуваалцахаар хүрэлцэн ирсэн нийт төлөөлөгч Та бүхэнд онцгойлон талархал илэрхийлье.

Ингээд, "Улс төрийн санхүүжилтийн ил тод байдал ба хяналт" олон улсын дугуй ширээний уулзалт нээснийг мэдэгдье" гэв.

"Улс төрийн санхүүжилтийн ил тод байдал-хяналт" олон улсын дугуй ширээний уулзалт илтгэл, салбар хэлэлцүүлгүүдээр үргэлжилнэ.

#СЕХ, #хурал, #дугуй ширээний уулзалт, #"Улс төрийн санхүүжилтийн ил тод байдал-хяналт",