Газын зурваст хүнсний хангамж муу, тусламжийн хуваарилалтын менежмент сул байгаагаас өлсгөлөн нүүрлэж, иргэд эрсдэж байна. Газын хүмүүнлэгийн сан олон улсын хүнсний тусламжийг иргэдэд хуваарилах дөрвөн төв ажиллуулж байгаа ч хангалттай биш байгаа юм. Израилийн армийн хяналтад байгаа бүс нутгаар дамжин эдгээр төв рүү хүрэх шаардлагатай бөгөөд иргэд ийш явах замдаа бөмбөгдөлтөд өртсөөр буй. Одоогоор 1,000 гаруй хүн ийм байдлаар амиа алдсан гэж хүний эрхийн байгууллагууд мэдээлж байна.
Мөн тусламж түгээх үед хүчтэй, түргэн нь амжиж авдаг агаад хүүхэд, өндөр настан, эмзэг бүлгийн иргэд хохирч буй талаар ажиглагчид онцолсоор буй. Одоогоор олон улсын 170 гаруй байгууллага Газын хүмүүнлэгийн сангийн үйл ажиллагааг зогсоохыг шаардаж, “Хил хязгааргүй эмч нар” байгууллагын төлөөлөл энэ үйл явц хүмүүнлэгийн тусламж бус, харин иргэдийг зориуд эрсдэлд оруулж буй хэрэг гэж мэдэгдэв.
Тус сан одоогоор 1.4 сая хүнсний хайрцаг тараасан гэж мэдээлж байгаа ч оршин суугчид тун бага хэмжээний хүнс байсан, эсвэл хайрцаг нь хоосон байсан гэж мэдэгдэж байгаа юм. НҮБ-ын мэдээлснээр, Газын хүн амын гуравны нэг нь өдөр бүр өлсөж байгаа бол 470,000 орчим хүн хамгийн хүнд түвшний өлсгөлөнд нэрвэгдээд байна. Үүний зэрэгцээ бүсийн газар тариалангийн 70 хувь нь сүйдэж, хүнсний дотоод үйлдвэрлэл бараг бүрэн зогссон аж.
Эх сурвалж: The Guardian