Прокурорын байгууллага 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 5 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 46,617 эрүүгийн хэрэгт хяналт тавьжээ.
Дээрх хугацаанд 1,655 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 1,045 хэрэг шинээр нээж, 511 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 215, Өмчлөх эрхийн эсрэг 155, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 77, Хүний амьд явах эрхийн эсрэг 15, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 10, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг, Хүрээлэн байгаа орчны эсрэг, Авлигын эсрэг гэмт хэрэг тус бүр 9, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг болон Эдийн засгийн гэмт хэрэг тус бүр 4, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг 2, Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг болон Үндэсний аюулгүй байдлын эсрэг тус бүр 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргээс тоймлон хүргэвэл:
-Д.Т нь нийтийн албан тушаалтан буюу Мал эмнэлгийн ерөнхий газрын даргаар, З.Б нь тус газрын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бүлэглэн “яаралтай дархлаажуулалт” нэрийдлээр нээлттэй тендер шалгаруулалт зарлахгүйгээр Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Х...” ХХК-тай 2018.09.12-ны өдрөөс 2020.04.02-ны өдрийн хооронд шууд гэрээ байгуулж, 3 тэрбум, 927 сая төгрөг шилжүүлж, бусдад давуу байдал олгон улсын төсөвт 3 тэрбум, 927 сая төгрөгийн хохирол учруулсан;
мөн Д.Т нь төрсөн охиныхоо нэр дээр 291 сая төгрөгөөр орон сууц худалдан авч, тухайн орон сууц болон мөнгөний эх үүсвэрийг 2018-2020 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй, өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах), Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Үндэслэлгүйгээр хөрөнгөжих), Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт (Мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдэх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
- М.К нь нийтийн албан тушаалтан буюу “... бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн харьяа ... салбарын даргаар ажиллаж байхдаа, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Э...” ХХК нь алтны уурхайн барилга байгууламжийн цахилгаан хангамжийн угсралтын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй, техникийн нөхцөлгүй, зураг төслөө баталгаажуулаагүй болохыг мэдсэн атлаа цахилгаан хангамжийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байсан “С...” ХХК-тай 2022 онд өөрийн хамаарал бүхий “М...” ХХК-ийг төлөөлж, 47,2 сая төгрөгийн үнийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд;
-С.М нь нэр бүхий иргэнийг 1 жилийн хугацаанд бусдад биеэ үнэлэхэд нь зуучилсан, хүргэж өгөх, авах зэргээр тээврийн хэрэгслээр хангаж, биеэ үнэлэхийг зохион байгуулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Биеэ үнэлэхийг зохион байгуулах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
-Т.Ж нь “Таван тансаг” нэртэй мөрийтэй тоглоомын клубийг байгуулж, С.Х нарын 4 хүнтэй бүлэглэж, тэдгээрийн үүрэг, оролцоог хуваарилж, цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мөрийтэй тоглоом зохион байгуулах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
- Ч.А, Б.Т нар нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс 2024 оны 1 дүгээр сард ... аймгийн нутаг дэвсгэрт “У...” ХХК-ийн үйлдвэрийн байранд Монгол Улсад ашиглахыг хориглосон буюу хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтсан фосфорын хүчил, хүхрийн хүчил, натрийн сульфид, аммиакийн уусмал нэршилтэй химийн хорт, аюултай бодисуудыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг (Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхэд;
- М.Э нь “И...” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа химийн хорт, аюултай бодисыг импортлох, хил дамжуулан тээвэрлэх зөвшөөрөлгүйгээр, Монгол Улсад ашиглахыг хориглосон буюу хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтсан 46 нэр төрлийн химийн хорт аюултай бодисыг агаарын замын боомтоор, “М...” ХХК-ийн нэрээр хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3567
EUR | 4082
CNY | 524.8
RUB | 43.85
JPY | 21.97
KRW | 2.26
