Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг дахь Хомын талын байгалийн цогцолборт газрыг улсын тусгай хамгаалалтад авсан он жилүүдэд биологийн олон янз байдал сэргэж, нэн ховор, ховор амьтдын тоо толгой мэдэгдэхүйц өссөн талаар тус газрын захиргаанаас мэдээллээ.
Хомын талын байгалийн цогцолборт газар нь ус намгархаг бүс, элсэн манхан, өндөр нам уулс, уулын болон цөлөрхөг хээр, татмын ой зэрэг байгалийн өвөрмөц тогтоц бүхий ландшафтын цогц бүрдэлтэй нутаг юм.
Тус бүс нутаг нь урдаасаа хойшоо жигд уналттай тэгш талд хамаардаг бөгөөд газрын дундаж өндөршил нь далайн түвшнээс дээш 1250 метр ажээ. Цогцолборт газрын хойд хэсэгт орших Бууралын нурууны ноён оргил Их буурал 2346 метр, өмнөд хэсгийн Сээрийн нурууны ноён оргил Дөрвөлжин уул 1703 метр өндөртэй. Харин уулс хоорондын хотгор хөндий, цайдам, элсэн тарамцаг бүхий тал газар нутгийн дийлэнх хэсгийг эзэлдэг байна.
Мөн Хомын талыг Монгол элсний Хомын элс, Сулин адаг элс, Ар загийн элс зэрэг томоохон элсэн массив хүрээлдэг бөгөөд Завхан гол, Тээлийн гол, Хар нуур, Дөргөн нуур, Багануур орчмын ус намгархаг газрын ландшафт багагүй талбайг хамардаг байна. Цогцолборт газрын өмнөд хэсгээр үргэлжлэх Монгол элсний нуруу нь Хомын талыг цөлөрхөг хэв шинжтэй болгожээ.
Монгол Улсын Их Хурлын 2020 оны тавдугаар сарын 7-ны өдрийн 46 дугаар тогтоолоор байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, өвөрмөц тогтоц, түүх соёлын дурсгал, ховордсон ургамал, зэрлэг амьтдын амьдрах орчин, мөн эх нутагтаа сэргээн нутагшуулж буй тахийн амьдрах орчныг хамгаалах зорилгоор “Хомын тал”-ыг байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан юм. Тус хамгаалалттай газрын нийт талбай 411.4 мянган га ажээ.
Хомын талын тахь ТББ нь Хомын талд тахь сэргээн нутагшуулах хөтөлбөр хэрэгжүүлэхийн зэрэгцээ 2023 оны арваннэгдүгээр сараас Монгол Улсын Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны үйл ажиллагааг өөрийн санхүүжилтээр хариуцан ажиллаж байна.
Хамгаалалтын үр дүнд Монгол бөхөн, Цагаан зээр, Хар сүүлт зээр, Янгир зэрэг нэн ховор, ховор туруутан амьтдын тоо толгой эрс нэмэгджээ. Түүнчлэн Завхан гол дагуух зэрлэг чацарганын ой өмнө нь 100 орчим га талбай эзэлж байсан бол өдгөө 20-30 км урт, дунджаар нэг км орчим өргөнтэй татмын шугуй болон нөхөн сэргэснийг онцоллоо.
Мөн Сээрийн нуруу орчимд сэргээн нутагшуулж буй тахийн сүрэг 100 гаруй толгойд хүрсэн байна.