Жил бүрийн 10 дугаар сарын 16-ны өдөр дэлхийн улс орнууд "Дэлхийн хүнсний өдөр"-ийг тэмдэглэдэг. Энэхүү өдөр нь хүн бүрийг аюулгүй, шим тэжээллэг, хүрэлцээтэй хүнсээр хангахын ач холбогдлыг таниулах, өлсгөлөн, хүнсний хомсдол, шим тэжээлийн дутагдлыг бууруулах, хүнсний аюулгүй байдлыг хангахад олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготой.
Улсын Ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах газраас Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлд заасан “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчих” зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийг 2026 оны 3 дугаар улирлын байдлаар судаллаа.
Эрх бүхий албан тушаалтнаас дээрх хугацаанд “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчих” зөрчлийн талаарх нийт 422 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасны 160 буюу 37.9 хувь нь нийслэлд, 262 буюу 62.1 хувь нь орон нутагт бүртгэгджээ.
Зөрчлийн төрлөөр нь авч үзвэл, “Хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан” 202 зөрчил бүртгэгдсэн нь нийт зөрчлийн 47.9 хувийг эзэлж байгаа нь хамгийн өндөр үзүүлэлттэй бол харин хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй түүхий эд, бүтээгдэхүүнээр үйлдвэрлэл явуулсан, хадгалсантай холбоотой 2 зөрчил бүртгэгдсэн нь хамгийн бага байна.
Бүртгэгдсэн нийт зөрчилд шийтгэл оногдуулсан байдлыг авч үзвэл 385 хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулснаас 210 буюу 54.5 хувийг хуулийн этгээд, 175 буюу 45.5 хувийг хүнд шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж хүн, хуулийн этгээдэд 759.2 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулснаас 489.5 сая төгрөг буюу 64.5 хувь нь төлөгдсэн байна.
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал нь иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанарт шууд нөлөөлдөг тул хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, хадгалалтын нөхцөл, хэрэглэж дуусах хугацаанд тавих хяналтаа сайжруулж, холбогдох хууль тогтоомжийг мөрдөж ажиллахыг Прокурорын байгууллагаас уриалж байна.


Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3587
EUR | 3964
CNY | 533.3
RUB | 38.1
JPY | 22.34
KRW | 2.59
