
Иранаас харвасан пуужинг сөнөөсөн North Atlantic Treaty Organization (НАТО)-гийн агаарын довтолгооноос
хамгаалах системийн үлдэгдэл 2026 оны гуравдугаар сарын 4-ний өдөр Туркийн өмнөд
хэсгийн Dörtyol хотод харагдаж байна.
Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Ойрхи Дорнодод АНУ, Израилын Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа тав дахь өдрөө үргэлжилж байна. Хамгийн сүүлийн мэдээллээр, АНУ Ираны байлдааны хөлгийг Шри-Ланкийн эргийн ойролцоо живүүлж, харин Туркийн агаарын орон зайг чиглэн харвасан Тегераны пуужинг НАТО устгасан байна. Энэ зуур Иран улс Дээд удирдагч Али Хаменейн залгамжлагчийг тодруулахад бэлдэж буй аж. АНУ-ын Засгийн газар тусгай үүргийн нислэг хийж, Ойрхи Дорнодод байгаа америк иргэдийг буцаан авчирч эхэлсэн бөгөөд цаашид бүс нутгийн хэд хэдэн чиглэлээс нэмэлт нислэгүүд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Үүний зэрэгцээ Их Британийн Далайн худалдааны үйл ажиллагааг хянах төв Кувейтийн Мубарак Аль-Кабир боомтоос зүүн өмнөд зүгт 30 милийн зайд далайд нэгэн осол гарсан тухай мэдээлэл хүлээн авснаа мэдэгдэв. Тэнд байсан нефтийн танкерын ахмад хөлгийн зүүн талд хүчтэй дэлбэрэлт болж байна гэж мэдээлсэн бөгөөд ослын улмаас далайд газрын тос асгарсан байж болзошгүй аж. Ойрхи Дорнод дахь энэ тулаан бусал улс руу тэлэхийн сацуу далайн худалдаанд ч нөлөөлж эхэллээ. Тухайлбал, түүхий нефть болон шингэрүүлсэн хийн тавны нэг нь дамжин өнгөрдөг стратегийн чухал гарц болох Ормузын хоолойгоор дамжих тээвэр эрс удааширсан байна. Мөн Ираны довтолгооны дараа зарим худалдааны хөлгүүдэд цохилт өгсөн нь дэлхийн эрчим хүчний нийлүүлэлт удаан хугацаанд тасалдах эрсдэлийг нэмэгдүүлж байна.