Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хорооноос "Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая" сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр (2026.10.05) зохион байгуулж, хүний эрхийн мэдрэмжтэй төсөвлөлтөд тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэв.

Хэлэлцүүлэг “Хүний эрхийн хамгаалалт ба Төсөв”, “Төрийн үйлчилгээ ба Төсөв” гэсэн хоёр үндсэн сэдвийн хүрээнд бүтэн өдрийн турш үргэлжилж, УИХ-д ажлаа тайлагнадаг төрийн байгууллагууд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, бүх яамд, төрийн захиргааны байгууллага, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцож мэдээлэл солилцлоо.

Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал, Засгийн газар болон Улсын Их Хуралд хүргүүлдэг төсвийн төслийн талаар мэдээлэл бэлтгэж танилцуулах удирдамжийг урьдчилан илгээсэн гэдгийг онцолсон. Иргэн төвтэй, иргэдийн оролцоог хангасан, зардлын хэмнэлттэй, бизнесийн орчинг дэмжсэн бодлогыг баримталж төсөвлөлтөө хийж байгаа талаар Сангийн яамнаас танилцууллаа.

Харин Хүний эрхийн Үндэсний Комиссоос жил бүр УИХ-д хүргүүлдэг “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл”-дээ тулгамдсан асуудлыг тусгаж, бодлогын асуудлаар шаардлага зөвлөмжөө өгч шийдвэр гаргуулж ирсэн. Хүний эрхийн асуудлаарх УИХ-ын тогтоолуудын биелэлт дундажаар 50 гаруй хувьтай байгаа нь төрийн байгууллагууд анхаарах шаардлагатайг сануулж байгаа хэрэг гэдгийг ХЭҮК-ын дарга, доктор Д.Сүнжид илтгэв. Тэрбээр, хүний эрхэд суурилсан төсөвлөлт гэх ухагдахууныг “хүн бүрт” гэдэг өргөн агуулгаар харж, төсөвлөлтөө боловсруулахдаа нийгмийн бүх бүлэгт хүргэж чадаж байгаа эсэх шалгуураар харж, том зургаар дүрсэлж, статистикийн тоо баримтуудтай уялдуулах нь хамгийн чухал гэдгийг онцолсон. Жишээлбэл, манай улсад хүүхдийн асрамжийн төв ганцхан байдаг нь хүндрэл бэрхшээл дагуулдаг тухай дурдлаа.

Байгууллага бүр ирэх жилийн төсөвт хүний эрхийн ямар асуудлыг шийдвэрлэхээр тусгаснаа танилцуулах хэлэлцүүлгийн үеэр төрийн зарим байгууллага хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй гэсэн хариу ирүүлж, илтгэхээс татгалзсан явдал нь хүний эрхийн ойлголт, мэдлэг дутмаг байгааг харуулж байна. Мөн өмнөх жил танилцуулсан мэдээллээ давтсан зэрэг асуудал нь иргэнд үйлчлэх чиг үүргээ ухамсарлаагүй хэрэг хэмээн хэлэлцүүлгийг чиглүүлэгч Х.Баасанжаргал сануулж байлаа.

Үдээс өмнөх хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөл, Эдийн засаг, хөгжлийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурор, Цагдаагийн ерөнхий газар, Монополын эсрэг газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний аудитын газар, Авлигатай тэмцэх газар төсвийн төслөө танилцуулж хэлэлцүүллээ.

Төрийн байгууллагуудын танилцуулга, мэдээллийг хэлэлцэх үеэр Монгол Улсын нэгдсэн орсон хүний эрхийн олон улсын гэрээний үүргээ биелүүлэх, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс Засгийн газарт өгсөн зөвлөмжүүдийн хэрэгжилтийг төсвийн төсөлдөө тусгасан эсэх, хэрэгжилтийг хянах шаардлагатайг иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс сануулж, байр суурь илэрхийлсэн. Тухайлбал хүний эрхийн нэр томъёоноос эхлээд тодорхой болгох хэрэгтэй байна гэв. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төсөвлөлтийн талаарх Сангийн сайдын шийдвэрийг анхан шатны байгууллагуудад таниулах, яам бүрийн дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал хариуцсан зөвлөл хэрхэн ажиллаж байгаа зэрэг асуудлыг хөндлөө. Улсын төсвийн төслийг боловсруулахдаа хүний эрхийн асуудлаар нь эрэмбэлж хэвших нь үр дүнтэй гэв.

Түүнчлэн төрийн байгууллагууд иргэнд үйлчлэх үндсэн чиг үүргээ ухамсарлаж, хөгжлийн бодлогын наад захын стандарт, шалгуураа хангаж ажиллах учиртай. Нэн тэргүүнд иргэний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах үүрэгтэй хэмээн УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал үдээс өмнөх хэлэлцүүлгийг тоймлохдоо дурдлаа.
Хэлэлцүүлэг үдээс хойш “Төрийн үйлчилгээ ба Төсөв” сэдвээр яамдын төсвийн төслийн танилцуулгаар үргэлжилж байна гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Эх сурвалж: Парламент

#live, #парламент, #улсын их хурал, #ХЗБХ, #хэлэлцүүлэг, #PARLIAMENT.MN, #их хурал,