Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

КУБЫН СОЁЛ: ТЭМЦЛИЙН ГАЛД ДАВТАЖ БҮТЭЭСЭН ҮНДЭСТНИЙ ИЛД, БАМБАЙ

Зохиогч: Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эмилио Певида Пупо

Куба Улс жил бүрийн аравдугаар сарын 20-ны өдрийг Үндэсний соёлын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр тохиолдлоор сонгогдоогүй юм. 1868 оны аравдугаар сарын 20-нд Испанийн колоничлолоос чөлөөлөгдсөн Баямо хотод ард иргэд тусгаар тогтнолын төлөөх тэмцэлд уриалан дуудсан "Ла Баямеса" дууг анх хамтдаа дуулжээ. Хожим энэхүү дуу Куба Улсын төрийн дуулал болсон билээ.

Перучо Фигередогийн зохиосон "Ла Баямеса" нь зөвхөн үндэсний бэлгэ тэмдэг төрөн гарсныг илэрхийлдэггүй. Энэ бол Куба үндэстэн бүрэлдэн тогтож, эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө тууштай тэмцэх явцдаа өөрийн өвөрмөц соёлыг бүтээн хөгжүүлж ирсний бэлгэдэл юм. Кубын үндэсний соёл ард түмнийхээ тэмцэл, хүсэл эрмэлзэл, эрх чөлөөний үзэл санаатай салшгүй холбоотойгоор төлөвшин хөгжсөн билээ.

Тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн талбарт бүрэлдсэн соёл

Кубын соёлын өвөрмөц төрх тансаг орд харш, эрх мэдэлтнүүдийн хүрээлэлд бус, харин ард түмний эрх чөлөөний төлөөх тэмцлийн дунд бүрэлдэн бий болсон юм.

Түүхчдийн тэмдэглэснээр Куба үндэстний соёлын төлөвшил нь нийгэм, улс төрийн нөхцөл байдал, тухайн үеийн үзэл санааны урсгалуудтай харилцан нөлөөлж, олон үе шат дамжин өрнөсөн нарийн төвөгтэй үйл явц байв. Энэ үйл явц 1868 онд эхэлсэн тусгаар тогтнолын дайны үеэр шинэ шатанд гарчээ.

Ийнхүү соёл нь Испанийн колоничлолыг эсэргүүцэх, эрх чөлөөт бүгд найрамдах улсын ирээдүйг төсөөлөх, түүнийг бүтээн байгуулахад чиглэсэн оюун санааны чухал хүч болсон юм.

Төрийн дуулал, уран зохиол, улс төрийн үзэл санаа, Хосе Марти, Карлос Мануэль де Сеспедес зэрэг үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэгчдийн өв нь Кубын тусгаар тогтнолын хөдөлгөөнтэй салшгүй холбоотой. Тэдний үзэл санаа ард түмний ухамсрыг сэрээж, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэн, тусгаар тогтнолын төлөөх тэмцэлд хүч нэмсэн юм.

Тиймээс Кубын хувьд соёл бол зөвхөн урлаг, уран зохиолын цогц биш. Харин үндэсний ухамсар, түүхэн ой санамж, тусгаар тогтнолын үзэл санааг бүрдүүлсэн оюун санааны үндэс суурь мөн.

"Хуурамч бүгд найрамдах улс" ба эзэнт гүрний соёлын нөлөө

1898 онд АНУ Кубын хэрэгт цэргийн хүчээр оролцсоны дараа тус улсын тусгаар тогтнолын замналд шинэ сорилтууд тулгарсан юм. 1901 онд батлагдсан Платтын нэмэлт өөрчлөлт нь Кубын бүрэн эрхт байдлыг хязгаарлаж, АНУ-ын улс төр, эдийн засгийн нөлөөг бэхжүүлэх нөхцөл бүрдүүлжээ.

1898 оноос 1959 он хүртэлх энэ үеийг Кубын түүх бичлэгт «хуурамч бүгд найрамдах улс» хэмээн нэрлэх нь бий. Энэ нь тусгаар тогтнолоо зарласан хэдий ч улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралдаа гадаадын нөлөөнөөс бүрэн ангижирч чадаагүй түүхэн нөхцөл байдлыг илэрхийлдэг.

АНУ-ын нөлөө зөвхөн эдийн засаг, улс төрөөр хязгаарлагдсангүй. Соёлын салбар ч нөлөөллийн өрсөлдөөний нэгэн талбар болж байв. XX зууны эхэн үеийн боловсролын бодлого, сургалтын арга барилаас эхлээд кино, радио, телевизээр дамжуулан түгээгдсэн хэрэглээний хэв маяг, амьдралын үзэл хандлага хүртэлх олон хүчин зүйл Кубын нийгмийн үнэт зүйл, үндэсний өвөрмөц байдалд нөлөөлөхийг оролдож байлаа.

Энэ нөхцөлд үндэсний соёл, хэл, түүх, уламжлалаа хамгаалах нь ард түмний өөрийн мөн чанарыг хадгалах тэмцлийн нэг хэсэг болсон юм. Орон нутгийн иргэд, багш нар, сэхээтнүүд, хэвлэл мэдээллийнхэн үндэсний үнэт зүйлсээ хамгаалж, Кубын өвөрмөц байдлыг хадгалан үлдэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ.

Ийнхүү соёлын төлөөх тэмцэл нь тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн үргэлжлэл байв.

Хувьсгалын ялалт: Соёл бол ард түмний эрх

1959 оны нэгдүгээр сарын 1-нд Кубын хувьсгал ялснаар улс орны нийгэм, соёлын хөгжлийн чиг хандлагад томоохон өөрчлөлт гарсан юм. Соёлыг цөөнхийн хүртэх боломжтой давуу эрх бус, нийт ард түмний хүртэх ёстой үндсэн эрх, үндэсний хөгжлийн чухал тулгуур гэж үзэх болсон билээ.

1961 онд хэрэгжүүлсэн бичиг үсэг тайлах үндэсний кампанит ажил бараг нэг сая хүнийг бичиг үсэгт сургаж, боловсрол эзэмших боломжийг олон нийтэд нээсэн түүхэн үйл явдал байв. Үүний зэрэгцээ 1959 онд байгуулагдсан «Каса де лас Америкас», Кубын Кино урлаг, үйлдвэрлэлийн хүрээлэн (ICAIC) зэрэг байгууллага соёл, урлагийн хөгжлийг шинэ шатанд гаргахад чухал үүрэг гүйцэтгэжээ.

Улс даяар урлагийн сургууль, номын сан, музей, хэвлэлийн газар болон соёлын байгууллагуудын сүлжээ өргөжин хөгжсөнөөр иргэд урлаг, утга зохиол, шинжлэх ухааны ололтод илүү өргөн хүрээнд хүрэх боломжтой болсон юм. Боловсрол, эрүүл мэнд, соёлын хүртээмжийг нийгмийн хөгжлийн салшгүй хэсэг гэж үзсэн бодлого нь Кубын хөгжлийн загварын чухал бүрэлдэхүүн байв.

Хосе Лесама Лима, Алехо Карпентьер нарын уран зохиол, Томас Гутьеррес Алеагийн кино урлаг, Кубын Үндэсний балет, Сильвио Родригесийн дуу хөгжим зэрэг нь Кубын соёлын баялаг, олон талт байдлыг дэлхий дахинд таниулсан билээ.

Эдгээр бүтээл нь зөвхөн уран сайхны үнэ цэнээрээ төдийгүй Куба үндэстэн өөрийн түүх, нийгэм, ирээдүйн тухай эргэцүүлэн бодож, өөрийн дуу хоолойгоо илэрхийлж буйн илэрхийлэл гэдгээрээ онцлог юм.

"Соёл бол үндэстний илд, бамбай"

Фидель Кастро соёлын үндэсний амьдралд гүйцэтгэх үүргийг "Соёл бол үндэстний илд, бамбай" хэмээх онч үгээр илэрхийлсэн байдаг. Энэхүү санаа нь Кубын сэхээтэн, уран бүтээлчдийн дунд өнөөдөр ч ач холбогдлоо хадгалсаар байна.

Соёл бол үндэсний өвөрмөц байдал, түүхийн мэдлэг, ард түмний үнэт зүйлсийг хамгаалж, үндэсний эв нэгдлийг бэхжүүлдэг учраас бамбай юм. Харин урлаг, уран зохиол, шүүмжлэлт сэтгэлгээ нь нийгмийн бодит байдлыг танин мэдэх, өөрийн үзэл санааг илэрхийлэх, шударга ёс, эв санааны нэгдлийн төлөө дуу хоолойгоо өргөх боломж олгодог учраас илд юм.

Өөрөөр хэлбэл, соёл нь үндэстнийг гаднын нөлөөнөөс хамгаалахаас гадна өөрийн үнэт зүйл, итгэл үнэмшлээ дэлхий дахинд илэрхийлэх хүч болдог.

Хосе Мартигийн үзэл санаанд мэдлэг, боловсрол, оюун санааны эрх чөлөө онцгой байр суурь эзэлдэг. Түүний бүтээлүүдэд туссан үзэл санааны хүчний тухай ойлголт Кубын соёлын сэтгэлгээнд гүнзгий ул мөр үлдээжээ. Учир нь өөрийн түүх, үнэт зүйл, соёлын өвөө танин мэдээгүй ард түмэн эрх чөлөө, тусгаар тогтнолоо бүрэн утгаар нь ухамсарлан хамгаалахад бэрх юм.

Олон талт дарамтын нөхцөлд эсэргүүцэж, бүтээх нь

Өнөөдөр Кубын соёлын илд, бамбай олон сорилттой тулгарч байна. Кубын байр сууринаас авч үзвэл, АНУ-ын олон арван жилийн эдийн засаг, худалдаа, санхүүгийн хориг нь зөвхөн эдийн засагт бус, нийгэм, соёлын амьдралд ч сөргөөр нөлөөлсөөр иржээ. Үүн дээр мэдээлэл, үзэл санаа, олон нийтийн ойлголтод нөлөөлөх оролдлогууд нэмэгдэж, соёлын салбарт шинэ хүндрэлүүд бий болж байна.

2026 онд эрчим хүч, шатахууны хангамжтай холбоотой хүндрэлүүд улам нэмэгдсэн нь соёлын байгууллага, уран бүтээлчдийн үйл ажиллагаанд ч нөлөөлж байна. Тоглолт, урлагийн арга хэмжээг хойшлуулах, цахим санаачилгын хүртээмжийг хязгаарлах, уран бүтээл туурвих, судлах, соёлын өвийг хамгаалах үйл ажиллагааг хэвийн явуулахад бэрхшээл учрах зэрэг нь эдгээр сорилтын бодит илрэл юм.

Мэдээллийн эрин үед олон нийтийн ойлголт, түүхэн ой санамж, үндэсний үнэт зүйлсийн төлөөх өрсөлдөөн улам эрчимжиж байна. Энэ нөхцөлд аливаа улс үндэстний хувьд бодит мэдээлэл, түүхэн мэдлэг, бие даасан сэтгэлгээг бэхжүүлэх нь онцгой ач холбогдолтой.

Кубын соёлын салбар эдгээр бэрхшээлийг даван туулахын тулд шинэ арга зам эрэлхийлж байна. Соёлын байгууллагууд хөтөлбөр, үйл ажиллагаагаа шинэ нөхцөлд нийцүүлэн зохион байгуулж, олон нийтийн оролцоотой урлагийн санаачилгуудыг дэмжин, уран бүтээлчдийн сургалт, бүтээл туурвих боломжийг хадгалахын төлөө ажиллаж байна.

Цар тахлын үеийнхтэй адил өнөөдөр ч Кубын уран бүтээлчид соёлыг ард түмний оюун санааны амьдралыг тэтгэгч хүч хэмээн үзэж, бүтээх, түгээх, бусадтай хуваалцах шинэ боломжуудыг эрэлхийлсээр байна. Учир нь соёлын амьдралын үргэлжлэл гэдэг нь зөвхөн урлагийн бүтээлүүдийг хадгалах тухай асуудал биш, харин ард түмний итгэл найдвар, бүтээлч чадавх, хамтын үнэт зүйлсийг хамгаалах тухай юм.

Ард түмнүүдийг холбодог соёл

Кубын соёлын хүртээмж, эв нэгдэл, ард түмнүүдийг ойртуулах үзэл санаа Монгол Улсад ч өөрийн гэсэн утга агуулгатайгаар цуурайтдаг.

Монгол, Куба хоёр улс олон арван жилийн турш найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлж ирсэн. Дипломат харилцаа тогтоосноос хойших 65 жилийн хугацаанд хоёр орны ард түмэн соёл, боловсрол, шинжлэх ухаан, урлагийн салбарын харилцаа, хамтын ажиллагаагаар дамжуулан харилцан ойлголцлоо бэхжүүлсээр ирлээ.

Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, хоёр орны найрамдлын нийгэмлэгүүд, Монгол Улсад оршин суугаа Кубын иргэд, мөн Кубад суралцаж төгссөн монгол төгсөгчид энэхүү харилцааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна. Кино урлаг, концерт, лекц, боловсролын хөтөлбөр, оюутны тэтгэлэг зэрэг санаачилга нь хоёр орны ард түмнийг холбосон гүүр болж, бие биеийнхээ түүх, соёл, үнэт зүйлсийг илүү сайн танин мэдэх боломжийг бүрдүүлдэг.

Соёлыг заримдаа ноёрхол, нөлөөллийн хэрэгсэл болгон ашиглаж болох ч мөн адил эрх чөлөө, харилцан хүндлэл, эв санааны нэгдлийг бэхжүүлэх хүч болгож болно. Монгол, Кубын найрсаг харилцаа нь соёл ард түмнүүдийг холбож, газар зүйн алслагдмал байдлыг даван туулан, харилцан ойлголцол, нөхөрлөлийг гүнзгийрүүлж чаддагийн нэгэн жишээ юм.

Соёл бол эрх чөлөөний дуу хоолой

Жил бүрийн аравдугаар сарын 20-нд «Ла Баямеса» эгшиглэхэд Кубын ард түмэн зөвхөн төрийн дууллаа дуулдаггүй. Тэд тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн түүх, өвөг дээдсийнхээ хүсэл эрмэлзэл, үндэсний соёлынхоо үнэт зүйлсийг эргэн санаж, хойч үедээ өвлүүлэн үлдээх итгэл зоригоо бататгадаг.

Кубын түүх бидэнд нэгэн чухал сургамж өгдөг. Соёл бол өнгөрсөн үеийн өвийг хадгалах төдий зүйл биш. Энэ бол өнөө цагийг ойлгох, ирээдүйгээ төсөөлөх, үндэсний өвөрмөц байдлаа хамгаалах, бусад ард түмэнтэй харилцан ойлголцох амьд хүч юм.

Тиймээс Кубын соёл өнөөдөр ч үндэстнийхээ үнэнийг хамгаалах илд, эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөөх тэмцлийн үнэт зүйлсийг хадгалах бамбай хэвээр байна.

Эх сурвалж: МОНГОЛ УЛС ДАХЬ БҮГД НАЙРАМДАХ КУБА УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

#Куба улс, #Үндэсний соёлын өдөр,