Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ОХУ-д хэрэгжүүлж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр (2026.02.11) Оросын Шинжлэх Ухааны Академид зочилж, тус академийн Ерөнхийлөгч Геннадий Яковлевич Красниковтой уулзав.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны салбар үүсч, хөгжихөд Оросын Шинжлэх Ухааны Академи чухал үүрэг гүйцэтгэсэн болохыг тэмдэглэв. Тэрбээр манай хоёр улсын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны хамгийн тод бэлгэдэл бол 1981 онд сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, В.Жанибеков нарын хамтарсан сансрын нислэг болохыг дурдаж, энэхүү түүхэн үйл явдал нь олон жилийн судалгаа, шинжлэх ухаан, техник технологийн хамтын хөдөлмөр бөгөөд өнөөдөр ч бидний хамтын бахархал хэвээр байгаа гэдгийг онцлов.
Уулзалтаар хоёр улсын шинжлэх ухааны академи хоорондын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг тэмдэглэж, энэ хүрээнд Байгаль нуур, Сэлэнгэ мөрний сав газрын байгаль экологийг хамгаалах чиглэлийн хамтын ажиллагаа чухал болохыг онцлов. Мөн Эгийн голын усан цахилгаан станц төслийн Байгаль нуурт үзүүлэх нөлөөллийн асуудлаар шинжлэх ухааны бодитой судалгаанд суурилсан, чухал ач холбогдолтой дүгнэлтийг хоёр орны академийн судлаачид гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Сүүлийн жилүүдэд хөрш орнуудын шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа шинэ шатанд гарч байгааг онцлоод орчин үеийн технологийн дэвшлийг уламжлалт найрсаг харилцаатай хослуулах нь цаашдын хөгжлийг хурдасгана гэдэгтэй талууд санал нэгдэж байв.
Ташрамд дурдахад, 2019 онд Оросын Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгч, академич А.М.Сергеев Монгол Улсад айлчилж, “Шинжлэх Ухааны Академийн хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг шинэчилсэн бол 2025 онд хамтын ажиллагааны гэрээг дахин шинэчлэн байгуулсан байна.
Оросын Шинжлэх Ухааны Академи нь 1724онд эзэн хаан I Петрийн зарлигаар байгуулагдсан бөгөөд Оросын шинжлэх ухааны хамгийн том, ууган байгууллага юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3557
EUR | 4151
CNY | 511.9
RUB | 41.32
JPY | 22.7
KRW | 2.36
