· БАЙНГЫН ХОРОО
-Төрийн байгуулалтын байнгын хороо
· ПАРЛАМЕНТЫН БҮЛГЭМ
-Монгол–Америкийн парламентын бүлгийн гишүүн
-Монгол–Германы парламентын бүлгийн гишүүн
-Монгол–Люксембургийн парламентын бүлгийн гишүүн
-Монгол–Нидерландын парламентын бүлгийн дарга
-Монгол–Оросын парламентын бүлгийн гишүүн
-Монгол–БНСУ-ын парламентын бүлгийн гишүүн
-Монгол–Чехийн парламентын бүлгийн дэд дарга
· АЖЛЫН ХЭСЭГ
-Төрийн өмчит компаниудын шинэчлэл, хөрөнгө удирдлагын чиглэлийн Ажлын хэсэг
-"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ыг түшиглэсэн ҮТП байгуулах хүрээнд Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төсөлд тохирох, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсэг
-Газрын харилцааны хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах Ажлын хэсэг
· ХУУЛЬ ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
Монгол Улсын Ерөнхий сайдын 110 дугаар захирамжаар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл томилогдон ажилласан. Энэ хугацаанд дараах хуулийн төслүүдийг боловсруулан олон нийтийн хэлэлцүүлэг хийх болон зарим төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байна. Үүнд,
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих эрх зүйн орчныг шинэчилнэ

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн төслийг өргөн мэдүүлэв. (2026.03.18)
Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой нийт 2,100 гэмт хэрэг 2017-2025 онд бүртгэгдэж, үүнд 2,422 хүн холбогдсон бөгөөд 4.4 хувийг 13-17 насны, 50.4 хувийг 18-25 насны, 35.8 хувийг 26-35 насны, 9.2 хувийг 36-аас дээш иргэд эзэлж байгаа нь хэрэглэгчид нь улам бүр залуужиж байгааг харуулж байна.
Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын төрөл нэмэгдэж, химийн гаралтай мансууруулах бодисыг үйлдвэрлэх аргачлалыг цахим орчин болон бусад эх сурвалжаас олж авч дотооддоо хууль бусаар боловсруулж, хэрэглэгч улсаас үйлдвэрлэгч улс руу шилжих бодит эрсдэл үүссэн.
Тус хуулийн төслөөр Монгол Улсын мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын дотоодын жагсаалт, хориглосон, хязгаарласан, урвуулан хэрэглэх эрсдэлтэй ангилалтай байх, тус жагсаалт, ангиллыг Засгийн газар батлах, мөн угтвар бодис, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй ургамлын жагсаалттай байхаар, шинэ төрлийн бодис гарч ирсэн тохиолдолд тус бодисыг жагсаалт, ангилалд нэн даруй оруулах арга хэмжээ шуурхай авах, жил тутам шинэчлэхээр заалаа.
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн хамт (2025.11.14) өдөр өргөн барилаа.
Хуулийн төсөлд Монгол хүний удмын санг хамгаалах, гэрлэгчдийн эрх, үүргийг нарийвчилж, гэм хорын хохирол төлүүлэх, гэрлэгчид эд хөрөнгө эзэмших, өмчлөх, хүүхдээс тусдаа амьдарч байгаа эсэхээс үл хамааран эцэг, эхийн хүлээх үүрэг, хариуцлага хүлээлгэх зэрэг асуудлыг шинэчилсэн найруулгад тусгасан.Харин Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл нь анхдагч хуулийн төсөл учраас ихээхэн ач холбогдолтой, шүүхийн шатан дахь эвлэрүүлэн зуучлах тогтолцоо, процессыг бий болгож, гэр бүлийн хэргийг үр дүнтэй шийдвэрлэх боломжийг бүрдүүлнэ хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр онцоллоо.

Галт зэвсгийн тухай хуулийн төсөл (шинэчилсэн найруулга)-ийг өргөн мэдүүлэхээр тогтов
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулсан Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг (2026.03.20) өдөр хийж, (2026.07.01) өдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл өмчлөх, эзэмших, ашиглах, үйлдвэрлэх эрхийг тодорхой, ойлгомжтой зохицуулах эрх зүйн орчин бүрдэнэ. Мөн иргэдийн галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх, чадавхжуулах, гамшиг, аюулаас сэргийлэх сургалтад дэмжлэг үзүүлэх болон үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхад дэмжлэг үзүүлэхэд ач холбогдолтой.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулав
Сүүлийн жилүүдэд орон сууц захиалгын залилан, луйвар эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж,(2026.03.19) өдөр оролцогч талуудыг хамруулан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцуулга хийхдээ шинээр баригдаж буй орон сууц болоод орон сууц өмчлөгчдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж, үүнийг дагаад иргэдийг төрөл бүрийн хэлбэрээр хохироох явдал ихсэж байгаа учраас дээрх хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэх асуудалд онцгой ач холбогдол өгч буйгаа хэллээ. Тухайлбал, энэ төрлийн гэмт хэрэг 2019-2025 онд 2,365 бүртгэгдэж, нийтдээ 216 тэрбум төгрөгийн хохирлыг учруулсан байна. Энэ төрлийн гэмт хэргээс болж жилд учирсан хохирлын хэмжээ 2019 оноос хойш 46 дахин өссөн үзүүлэлттэй байгаа нь ямар олон иргэд хохирч буйн бодит илрэл юм.
Дээрх хуулийн төсөл батлагдсанаар барьж дуусаагүй орон сууцны нэгж бүрийг хаягжилттайгаар бүртгэж, тус бүрээр хувийн хэрэг нээн бүртгэдэг болох бөгөөд иргэд тухайн сууц, талбайн мэдээллийг урьдчилан нягтлах боломж бүрдэнэ.
Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төсөл боловсруулав
Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежмент, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг сайжруулах зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулж, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хэд хэдэн удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.Манай улсад жилээс жилд нийтийн зориулалттай орон сууцны байшингийн тоо нэмэгдэж, 2016 оны байдлаар нийт өрхийн 30 хувь буюу 232.3 мянган өрх инженерийн бүрэн хангамжтай орон сууцанд амьдарч байсан бол 2020 онд хийсэн хүн ам, орон сууцны тооллогоор энэ тоо 297.4 мянган өрх болж өссөн байна.

Түүнчлэн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн 21 жилийн хугацааны хэрэгжилтийн үр дагаварт хийсэн судалгаа, практикт бий болсон нийтлэг нөхцөл байдлаас үзэхэд хуулийн зохицуулалтыг зайлшгүй шинэчилж, өөрчлөх шаардлагатай байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлагдсан Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн Гурав дахь хэсгийн 1 дэх заалтад Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийг байгуулахаар заасан. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн мэдээлснээр 2025 оны байдлаар тус шүүх нийт 51,038 нэхэмжлэл, хэргийг хүлээн авч, 28,611 хэргийг шийдвэрлэсэн байна. Үүнээс 9,978 хэргийг хэрэгсэхгүй болгож, 2,684 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.
Дээрх статистик үзүүлэлтээс харахад, нэг шүүгчид дунджаар 1,456 хэрэг, нэхэмжлэл оногдож байгаа нь шүүхийн ачаалал өндөр түвшинд байгааг илтгэж байна. Гэвч Иргэний хэргийн танхимын хувьд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нэг шүүгчид ногдох зохист ачааллыг 336 хэрэг байхаар тогтоосон байдаг.
Иймд цаашид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэх тутам нэг шүүгчид оногдох нэхэмжлэл, хэрэг нэмэгдэж, тус шүүхийн ачаалал улам ихсэх, улмаар иргэдийн шударга шүүхээр шүүлгэх, шүүхэд мэдүүлэх эрх ноцтой зөрчигдөхөөс сэргийлж, тогтмол үнийн дүнг олон улсын жишгээр хуульчлах шаардлагын хүрээнд тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх хэргийн хувьд арван таван сая найман зуун дөчин мянган төгрөгөөс доошгүй мөнгөн дүнтэй хэргийг шийдвэрлэхээр хуулийн төсөлд тусгалаа.
ТӨК-иудын талаар баримтлах Өмчлөлийн бодлогын төслийг боловсруулав
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хуулийг 2026 оны долдугаар сарын 02-ны өдөр баталж, 2027 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх юм.
ЗГХЭГ-ын даргын хувиар "Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлого” батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулах Ажлын хэсгийг ахалж Засгийн газрын хуралдаанаар (2026.11.18) хэлэлцүүлэн УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ.

Ерөнхий сайд Н.Учралын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд 174 төрийн өмчит компани, Улсын үйлдвэрийн газрын тоог 101 болгож багасгалаа. Засгийн газар Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлогыг гурван үе шаттайгаар 2027-2030 он хүртэл хэрэгжүүлэхээр боловсруулсан бөгөөд тус төсөлд ТӨК-иудын ангиллыг нарийвчлан тодорхойлж, ТУЗ, гүйцэтгэх удирдлагыг нээлттэй сонгон шалгаруулах, үйл ажиллагааг цахим болгон, хяналт, хариуцлагыг сайжруулах олон өөрчлөлт багтсан байна. Дээрх төсөлд дурдсанаар ТӨК-иудын тоо 2030 он гэхэд 85 болгож бууруулахаар тусгасан юм.
Төрийн өмчийн компанийн нийт 7 их наяд төгрөгийг ирэх 3 жилд олон нийтийн эзэмшилд шилжүүлэх замаар үр өгөөжийг нь 3 дахин нэмэгдүүлэх нь энэхүү бодлогын гол өөрчлөлтүүдийн нэг юм.
· ХЯНАН ШАЛГАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
УИХ-ын Хяналт, шалгалтын тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Хөгжлийн банк” болон “Нүүрсний” гэх тодотголтой 2 томоохон хяналтын Ерөнхий сонсголыг ахалж ажиллалаа.

Нүүрсний асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулагдаж, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг хоёр үе шаттайгаар, нийт 9 өдөр нийт 60 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судалсан бөгөөд сонсголд Хянан шалгах түр хорооны гишүүд, хянан шалгагч, шинжээч, уригдсан албан тушаалтан, ажиглагчид болон гэрчүүд оролцжээ. Сонсголд давхардсан тоогоор нийтдээ 577 гэрч оролцуулахаар мэдэгдэх хуудас хүргүүлснээс 419 (72.6 хувь) гэрч ирсэн байна. Түүнчлэн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 16 хянан шалгах шинжээч оролцлоо.
Хууль хяналтын байгууллагад 9177 хуудас баримт хүргүүлэв УИХ-ын Түр хорооны хяналт шалгалт, зохион байгуулсан нээлттэй сонсголоор ил болсон нийт 9177 хуудас баримт, 15 ширхэг DVD, 28.96 GB дата мэдээллийг Түр хорооны хянан шалгагч шинжээчдийн нэгдсэн тайлангийн хамтаар 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын дарга Б.Жаргалсайхан, Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа, Цагдаагийн Ерөнхий газрын дарга Т.Сүхболд нарт тус тус хүргүүлэв.
“Нүүрсний” сонсголын мөрөөр УИХ тогтоол батлав
УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу парламентын хяналт амилж, ард түмний мэдэх эрхийг хангаж, хуулийн хэрэгжилт үр нөлөөг хянан шалгах хүрээнд Нүүрсний сонсголын гэх Түр хороо байгуулагдан нотлох баримтыг нээлттэй шинжлэн судлах сонсголыг зохион байгуулж, УИХ-д тайлангаа тавьж, Монгол Улсын Хянан шалгах түр хорооноос “Эрдэнэс Тавантолгой ХК, “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспорт бусад бараа, ажил үйлчилгээний худалдан авах үйл ажиллагаанд авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр баталснаар Түр хороо татан буугдлаа.
· АСУУЛГА
-“Нүүрсний хулгай”-г хянан шалгасан УИХ-ын Түр хорооноос зохион байгуулсан нээлттэй сонсголын үр дүнгээр гарсан УИХ-ын 2024 оны 09 тоот тогтоолын хэрэгжилтийн асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайдад хандан асуулга тавилаа.
-УИХ-ын гишүүн П.Сайнзориг, З.Мэндсайхан нарын хамт хуулиар тогтоосон Засгийн газрын яам, агентлагаас гадуур чиг үүрэг давхардуулж байгуулсан зөвлөл, хороо, төв, комисс болон хуулиар хориглосон “Бүтээмжийн менежер”, “Хяналтын менежер” гэх мэт орлогч захирлын хангамж, цалинтай албан тушаалыг төрийн өмчийн компаниуд дээр бий болгож, улс төрийн авлига байдлаар бялуу хүртээж хуваарилж байгаа асуудлаар Засгийн газарт асуулга тавилаа.
· ОНЦЛОХ БАЙР СУУРЬ

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Том төслүүдийг тендергүй явуулах хууль орж ирж байна шүү
Тендерийн тухай хууль болон дагалдан орж ирж буй хуулиудад 40 тэрбум ам.долларын төсөл, хөтөлбөрийг хүчингүй болсон хууль хэрэглэж, нээлттэй, тендергүйгээр, УИХ-ын хяналтаас гадуур шийдье гэж байгаа нь “хуулийн хулгай” авлига болоод л дуусна шүү. (2024.08.19-ний Төсвийн байнгын хорооны хуралдаан)
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Компанийн тухай хуулийн суурь харилцааг яагаад Цөмийн энергийн тухай хууль дагуулж өөрчилж байгаа юм
Компанийн тухай хуулийн суурь харилцааг яагаад Цөмийн энергийн тухай хууль дагуулж өөрчилж байгаа юм. Энэ бүх компаниудад хамаатай. Бүх энгийн хувьцаануудыг давуу эрхийн хувьцаа болгож олгох боломжийг нэг хуулийн ард ямар тооцоо судалгаагүй, үндэслэлгүй оруулж ирсэн. Энэ "Оюутолгой"-н гэрээнд ч хамаатай шүү дээ. Тиймээс "Оюутолгой болон Монгол Улсын стратегийн 15 ордод хамаарахгүй, Цөмийн энергийн тухай хуульд л үйлчилнэ" гэдгийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хашиж өгсөн юм. Иймд Т.Энхтүвшин гишүүний гаргасан санал харин зөв. Хэрэв буруудах гэж байгаа бол энэ төслийг бүрмөсөн буцаах ёстой. Тиймээс би "Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дэмжсэн саналыг дэмжиж өгөөч" гэж хүсэж байна. (2024.11.15-ны чуулганы нэгдсэн хуралдаан)
Б.Энхбаяр гишүүн гадаад зээлийн зарцуулалтыг УИХ-ын хяналтаас гаргаж буйг санууллаа
Төсвийн гүйцэтгэлийг УИХ сонсож байна. Үүнтэй холбоотойгоор чуулганы хурлын протоколд тэмдэглүүлэх нэг асуудал байгаа юм. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар гадаад улсаас авч байгаа зээл, тусламжийн зардлыг улсын төсөвт зардалд тооцохгүй байх тухай асуудалд шийдвэр гаргаж байна. Ирэх жилүүдэд бид Төсвийн гүйцэтгэл гэдэг танилцаж байгаа тайлан дотор гадаад улсаас авч байгаа зээлийн зарцуулалт, түүнтэй холбоотой тайлан, цаашид ард түмний төлөөллийн дээд байгууллагад орж ирэхгүй болж байгаа. Бид сүүлийн тайланг сонсож байх шиг байна. Гадаад Улсаас 2024 онд зээлийн төлбөрт 400 тэрбум төгрөг буюу 100 сая ам.долларыг төлж байгаа. Сангийн сайдын мэдээлж буйгаар ирэх жилүүдэд жил тутам 400 орчим сая ам.долларыг гадаад улсаас авч байгаа зээлийн төлбөрт төлнө. Энэ тоо 4 дахин нэмэгдэнэ. 1.3 их наядын зарцуулалт УИХ-д танилцуулагдахгүй явна гэсэн үг. Гадаад зээлийн зарцуулалттай холбоотой тайланг сонсдог байх ёстой. Гадаадын зээл, тусламж шуудхан хэлэхэд дандаа үе үеийн Сангийн сайд нарын тойрогт очиж хэрэгждэг байсан шүү. (2024.08.27-ны чуулганы нэгдсэн хуралдаан)
· ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА
Европын парламентын гишүүдтэй уулзлаа
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нарын гишүүд Европын парламентын Гадаад бодлогын байнгын хорооны дарга, Европын парламентын гишүүн Дэвид МкАллистертай (2025.03.06) өдөр албан уулзалт хийлээ. Энэ үеэр хамтарсан төсөл, хөтөлбөр, виз, зорчих нөхцөлийг хөнгөрүүлэх асуудлаар санал солилцов.

Оролцогч талуудын Ассамблейн 24 дүгээр чуулганд оролцлоо
Нидерландын Хаант Улсын Гааг хотноо 2025 оны 12 дугаар сарын 01-05-ны өдрүүдэд болсон Олон улсын Эрүүгийн шүүхийн (ОУЭШ) Ромын дүрмийн Оролцогч талуудын Ассамблейн 24 дүгээр чуулганд ХЗДХ-ийн Б.Энхбаяр тэргүүтэй Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид оролцлоо.
Ассамблейн Ерөнхийлөгч, Паиви Каукоранта олон улсын нөхцөл байдлын улмаас ОУЭШ-ийн хараат бус байдалд хүндрэл учирч буй энэ цаг үед энэхүү чуулганд Монгол Улс төлөөлөгчөө ХЗДХ-ийн сайдын түвшинд анх удаа оролцуулж байгаа нь ОУЭШ-ийн мандат, Ромын дүрмийн үндсэн зарчим болон олон улсын шударга ёс, дүрэмд суурилсан дэг журмыг тууштай дэмжиж буйн илэрхийлэл болж буйг тэмдэглэв.

Олон улсын Эрүүгийн шүүхийн ерөнхийлөгч, шүүгч Томоко Аканэтэй уулзав
Монгол Улс Олон улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийг соёрхон баталсан Азийн цөөн орны хувьд цаашид Ромын дүрмийг бүс нутгийн хэмжээнд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр ОУЭШ-ийн үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Хаягийн мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр 2026 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв. Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Хамтарсан хорооны X хуралдаанаар Монгол, Солонгос иргэдийн зорчих нөхцөлийг сайжруулах асуудлыг хөндөв
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны X хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сөүл хотноо болж, нийгэм, эдийн засаг, байгаль орчин болон хоёр орны иргэдийн харилцан зорчих нөхцөлийг сайжруулах зэрэг өргөн хүрээтэй асуудлыг авч хэлэлцлээ.
Хуралдааныг ЗГХЭГ-ын дарга, Хамтарсан хорооны Монголын хэсгийн дарга Б.Энхбаяр, БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд, Солонгосын хэсгийн дарга Ким Жим А нар даргалж, холбогдох албаны төлөөлөгчид оролцлоо.

Энэхүү хуралдааны үеэр дараах асуудлыг хөндөн ярилцаж, харилцан санал солилцлоо. Үүнд:
-Эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр;
Солонгос Улс нь Монгол Улсын худалдаа хөрөнгө оруулалтын чухал түнш бөгөөд хоёр орон байгаль орчин, хот байгуулалт, дэд бүтцийн чиглэлээр хамтарсан олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буйг Б.Энхбаяр сайд тодотгоод цаашид хоёр улсын бизнес эрхлэгч, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, БНСУ-ын тодорхой салбар тэр дундаа хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын стандарт болон сайн жишгийг Монголд нэвтрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
- Чухал ашигт малтмал, аж үйлдвэрийн чиглэлээр;
Монгол, Солонгос хоёр улс стратегийн ач холбогдол бүхий ховор металлын салбарт хамтын ажиллагааг эхлүүлсэн бөгөөд 2025 онд “Монгол Солонгосын ховор металлын хамтарсан судалгааны төв” -ийг байгуулсан. Тус төвийн үйл ажиллагааг тогтворжуулах нэн шаардлагатай хүний нөөц, боловсон хүчнийг бэлтгэх, сургах чиглэлд талууд санал солилцлоо.
-Иргэдийн оролцоо, харилцан зорчих эрхийн чиглэлээр;
Монгол, Солонгос орон иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хурдан, шуурхай, хүндрэлгүй болгох чиглэлд хэд хэдэн асуудлыг Хамтарсан хорооны хуралдааны үеэр ярилцав. Тухайлбал, Монголын талаас Солонгосын виз мэдүүлэхэд шат дамжлага ихтэй, давхар төлбөр төлж буйг зогсоох, виз мэдүүлгийг цахим хэлбэрт шилжүүлэх замаар иргэдэд төвөггүй болгох хүсэлтээ илэрхийлэв. Хоёр орны иргэдийн шуурхай зорчих хамтарсан замын зураглал гаргаж, энэ хүрээнд яриа хэлэлцээрийг ойрын хугацаанд эхлүүлэхээр боллоо.
-Хамтарсан төсөл хөтөлбөрийн чиглэлээр;
Хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Солонго 1,2” хороолол, “Баянголын аманд орлогод нийцсэн орон сууцны хороолол барих” төслүүд болон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв”-ийг И Тэ Жүн эмчийн нэрэмжит болгох Засгийн газрын шийдвэр гарсныг Солонгосын талд танилцуулж, БНСУ-ын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангийн хөнгөлөлттэй зээлд хамруулах чиглэлээр үргэлжлүүлэн нягт ажиллах саналыг Монголын талаас хөндөв.
Монгол, солонгос иргэд эх хэлээрээ жолооны шалгалт өгөх боломжтой
Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мёны Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр тал “Богино хугацааны зорчигч тээврийн хэрэгсэл жолоодох болон жолоочийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсан юм.
Энэ хүрээнд ЗГХЭГ-ын дарга, Монгол Солонгосын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны X хуралдаанд оролцох үеэрээ тус улсад ажиллаж, амьдарч буй иргэд Солонгосын жолооны шалгалтыг эх хэлээрээ өгөх үйлчилгээний нээлтийн арга хэмжээнд оролцов.
Солонгосын жолооны онолын шалгалтыг төрөлх хэлээрээ өгснөөр замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгээ сайжруулах, шалгалтад тэнцэх боломж нэмэгдэх, үүнийг дагаад иргэдийн ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад чухал ач холбогдолтой үйл явдал болж байгааг ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр энэ үеэр онцоллоо. БНСУ-ын жолоодох эрхийн шалгалтын 27 төвд онолын шалгалтын 1,800 асуулт монгол хэлээр орчуулагдсан бөгөөд эх хэлээрээ жолооны шалгалт өгөх үйлчилгээг 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс бүрэн нэвтрүүлж байна.Түүнчлэн харилцан тохиролцсоны дагуу Солонгос Улсын иргэд Монгол Улсын жолооны эрхийн онолын шалгалтыг мөн солонгос хэлээр Улаанбаатар хотод өгөх боломж бүрдлээ.
Солонгосын Үндэсний Ассамблейн Хууль зүйн байнгын хорооны дарга Со Ёон Гюутай уулзлаа

Монгол, Солонгосын Засгийн газар хоорондын хамтарсан X хуралдаанд оролцох үеэрээ ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Солонгос Улсын Үндэсний Ассамблейн Хууль зүйн байнгын хорооны дарга Со Ёон Гюутай уулзлаа.Уулзалтын үеэр ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр монгол хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангах чиглэлд онцгой анхаарал хандуулж буйгаа тодотгоод, Солонгос Улсад ажиллаж байгаа хүүхдүүдийн сурах эрхийн төлөө хуулийн төсөл санаачилж, тууштай ажиллаж байгаа хатагтай Со Ёон Гюуд чин сэтгэлийн талархал илэрхийллээ.
Эцэг эхийн оршин суух эрх зүйн байдлаас хамаарч үр хүүхэд нь сурч боловсрох эрхээ бүрэн хэрэгжүүлж чадахгүй байгаа нөхцөл байдлыг нягталж, Солонгос Улсад төрсөн хүүхдүүд боловсрол, эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээ авах, эх хэл, соёлоороо хүртээмжтэй суралцах боломжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаар боллоо.
Солонгост амьдардаг монгол хүүхдүүдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг “НАМҮ” төвд ажиллалаа
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, Монгол Улсаас Солонгос Улсад суугаа Элчин сайд С.Сүхболд, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Oчир тэргүүтэй төлөөлөгчид Солонгос Улсад сэтгэл зүй, хүүхэд гэр бүлийн дэмжлэг, боловсрол, соёлын үйл ажиллагаа явуулдаг “НАМҮ” төвд очиж, зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэв.
Тус төв нь Солонгос Улсад ажиллаж амьдардаг монголчууд болон тэдний хүүхдүүдийн боловсрол, сэтгэл зүйн эрүүл мэнд, үндэсний хэл, соёл, уламжлалаа түгээн дэлгэрүүлэх хойч үедээ өвлүүлэн суралцуулах чиглэлд 2023 оноос хойш идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийтдээ 12 мянга гаруй иргэдэд үйлчилгээ үзүүлсэн байна.
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр энэ үеэр хэлэхдээ Солонгост амьдарч буй монгол хүүхдүүдийн төлөө тууштай, идэвх зүтгэл гаргаж ажиллаж буй “НАМҮ” төвийн хамт олонд талархал илэрхийлэв.Монголын ирээдүй болсон хүүхдүүдийн сурч боловсрох эрх, орчин нөхцөлийг сайжруулах нь онцгой анхаарах асуудал гэдгийг тодотгоод “НАМҮ” төвийн үйл ажиллагаанд шаардлагатай санхүүжилт болон бусад асуудлыг нухацтай авч үзэн шийдвэрлэхээр болов.

· ЭРГЭХ ХОЛБОО-Боловсролын салбарт
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг: Нийслэлийн хамгийн олон хүн амтай, сургууль, улсын сургууль цэцэрлэг барих газар байхгүй, боловсролын тэгш, хүртээмжтэй олгох асуудал хамгийн тулгамдсан дүүрэг юм. Тиймээс ч Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон цагаасаа боловсролын салбарт онцгой ач холбогдол өгч, нийтдээ шинээр 8 сургууль, 4 цэцэрлэг барилгын хөрөнгө оруулалтыг төсөвт тусгуулан ашиглалтад оруулжээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд 240 хүүхдийн ортой цэцэрлэг, 26 дугаар хороонд 640 хүүхдийн суудалтай сургууль, 5 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургууль, 38 дугаар хороонд 1,500 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын төсөв санхүүжилтийг тус тус Улсын төсөвт суулгуулах, газрын асуудлыг холбогдох хууль журмын дагуу шийдвэрлэх зэргээр ажилласнаар сурагчид шинэ хичээлийн жилд, шинэ байртай боллоо.
640 хүүхдийн багтаамжтай сургуультай боллоо
Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд 240 хүүхдийн ортой 337 дугаар цэцэрлэг, шинээр ашиглалтад оруулсан бол Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны 640 хүүхдийн сургуультай боллоо.

Гишүүний хувьд тус сургууль барих газрын асуудал, санхүүжилтийг нь төсөвт суулгахад эхнээс нь анхаарал хандуулж ирсэн. Нэг ээлжиндээ 640 хүүхэд, нийтдээ 1300 хүүхдийн багтаамжтай бөгөөд хамгийн орчин үеийн шийдэл, зураг төслөөр Улаанбаатарт баригдсан анхны сургууль гэдгийг гүйцэтгэгч компанийн зүгээс онцолж байгаа юм. 1-3 дугаар давхар хүртлээ нэвт байгалийн гэрэлтүүлэг ашигласан бөгөөд дуу тусгаарлагчтай 2 спорт заал, 1 урлаг заал, нэг удаа 300 хүүхэд хооллох боломжтой заалтай, нэг ангидаа 30 хүүхэд хичээллэх 22 анги танхим болон мэдээлэл технологи, физик, хими зэрэг төрөлжсөн дугуйлангийн анги танхимтай байх юм.

Анх удаа 1500 хүүхдийн багтаамжтай сургуультай боллоо
Баянзүрх дүүргийн 38 дугаар хороо улсын нэг ч сургууль, цэцэрлэггүй байсан. Эцэг эхчүүдийн зүгээс тус хороонд шинээр сургууль, цэцэрлэгтэй болгох хүсэлтийг удаа дараа тавьж байсан юм. Тус хорооны хүүхдүүд 1500 хүүхдийн багтаамжтай шинэ сургуультай болсон баярт үйл явдал боллоо. Тус сургуулийн барилгын ажлыг “Баганат Өргөө” компанийн хамт олон маш богино хугацаанд хариуцлагатай гүйцэтгэсэн юм.

Зарим сургуулиудад сургалтын тоног, төхөөрөмж хүлээлгэн өглөө
Хичээлийн шинэ жилийг угтан Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 21, 30, 79, 84, 97, 102, 111, 127, 133, 155, 183, 187, 189 дүгээр сургууль болон Амгалан цогцолбор сургуульд тус тус багш, сурагчдын өдөр тутмын сургалтын үйл ажиллагаанд нэн шаардлагатай (суурин болон зөөврийн компьютер), (ухаалаг дэлгэц), (олон үйлдэлт принтер) зэрэг тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Сургалтын үйл ажиллагаанд шаардлагатай дээрх тоног, төхөөрөмжийг цаашид Баянзүрх дүүргийн алслагдсан, олон сурагчтай, шинээр ашиглалтад орсон нийт 13 сургуульд хүлээлгэн өгөхөөс өнөөдөр ийнхүү 4 сургууль хүлээн авлаа.

Сурагчид STEAM хөтөлбөрийн хэрэглэгдэхүүнтэй боллоо
Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 21, 30, 69, 84, 97, 102, 127, 133, 137, 155, 183, 187 дугаар сургуулиудад STEAM буюу шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, урлаг болон математикаар дамжуулж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг олон улсын сургалтын хөтөлбөрийн хэрэглэгдэхүүнтэй боллоо. Энэхүү хөтөлбөр нь сурагчид зөвхөн цээжлэх бус, өөрсдийн гараар бодит бүтээл хийх, туршилт хийх замаар мэдлэгээ баталгаажуулах боломж олгодог юм. Хүүхдүүд энэ хичээлд дуртай, анхаарал төвлөрөл сайтай, идэвхтэй оролцдог гэдгийг багш нар маань онцолж байлаа.

Удирдах ажилтнуудын сургалт зохион байгууллаа
Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургалтын менежерүүд болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын арга зүйч нарыг дунд хугацааны чадавхжуулах сургалтад хамруулж байна. Энэхүү сургалт нь боловсролын байгууллагын удирдах ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, төрийн албанд мэргэшин ажиллах, цаашид албан тушаалын хувьд дэвшин ажиллахад шаардлагатай чадамжийг хөгжүүлэхэд чиглэжээ.
Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,